Бүх бараа

Орчуулагч Б.Баясгалангийн эмхэтгэж орчуулсан өрнө, дорнын шилмэл өгүүллэгүүдийн "Аз жаргалтай төгсгөлүүд" (2013), "Аварга том далавчтай өвгөн" (2014) түүврүүд гарсан даруйдаа бүтээлийн сонголт, орчуулгын чанараараа уншигчдаас өндөр үнэлэлт авч, уран зохиолд шимтэгсэдийн дуртай номууд болсон билээ. Өдгөө худалдаанд дууссан тул уншигчдын чамгүй эрэл сурал дагуулдаг эдгээр номуудаа орчуулагч нэгтгэн, нэгэн хавтаст багцалж "Хар захын гудамжны Спиноза" хэмээх нэрээр ахин хэвлээд байна.

"Хар захын гудамжны Спиноза" номоос та Ясүнари Кавабата, Исаак Башевиз Зингер, Нагиб Махфуз, Октавиа Паз, Доррис Лессинг, Габриал Гарсиа Маркез, Элис Мүнро, Мо Яан зэрэг Нобелийн шагналт голдуу хорь гаруй зохиолчийн хамгийн шилдэг өгүүллэгүүдийг түүвэрлэн унших боломжтой.

“Тагтаа” хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг уран зохиолын бэсрэг бүтээлийн цуврал маань хорьдугаар зууны сүүлийн хагаст төрөн гарсан хамгийн нөлөө бүхий герман хэлт зохиолчдын нэг, Нобелийн шагналт Петер Хандкегийн гол бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог “Зүүднээс ч чинагш уй” нэрт намтарчилсан туужаар бүл нэмж байна.

1972 онд бичсэн “Зүүднээс ч чинагш уй” нэрт намтарчилсан тууждаа Хандке амиа егүүтгэж өөд болсон ээжийнхээ талаар мэддэг бүхнээ амьдарч асан он цагийнх нь үүх түүх, тэр дундаа нацистын дэглэм, дэлхийн хоёрдугаар дайн, дайны дараах үеийн австричуудын ахуй амьдрал, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан нэн сонирхолтой бичжээ. Хүнд бэрх, ядуу тарчиг ахуйд төрж өсөөд, хангалуун жаргалтай амьдралыг мөрөөсөн тэмүүлсэн ч хувь тавилангийн хатуухан буулгад талхиулсаар хорвоогоос буцсан ижийнхээ тухай хайр, бахдал, харамсал, гомдол, цухал, ухаарлаар сүлж бичсэн хүүгийн дуртгал халуун дулаан, танил дотно мэдрэмжийг уншигч танд төрүүлэх биз ээ. Уг номыг Норвегийн нэрт зохиолч Карл Уве Кнаусгорд “Энэ цаг үед герман хэлээр бичигдсэн үнэ цэнтэй, шидээвэр бүтээлүүдийн нэг” хэмээн үнэлсэн байдаг.

Зохиолчийн тухай танилцуулахад, Петер Хандке 1942 оны 12 дугаар сарын 6-нд Австрийн өмнөд хэсэг дэх Каринти мужийн Гриффин тосгонд мэндэлжээ. Багаасаа уран зохиолд шимтэж өссөн тэрээр анхны бичвэрээ 12 настайдаа сургуулийнхаа сонинд нийтлүүлж асан түүхтэй. Хандке Грацын их сургуульд хуулийн мэргэжлээр суралцаж байхдаа “Балч зөгийнүүд” (1966) хэмээх анхны романаа хэвлүүлэх болсноор уран зохиолын ертөнцөд эргэлт буцалтгүй хөл тавьсан юм. Зохиолчийг олонд таниулсан анхны бүтээл нь “Үзэгчдийг доромжлохуй” нэртэй авангард жүжиг байлаа. Түүнээс хойш “Зүүднээс ч чинагш уй”, “Давталт”, “Моравын шөнө”, “Каспар”, “Солгой гартай эмэгтэй”, “Хүслийн жигүүр” тэргүүтэй олон арван роман, тууж, жүжиг, киноны зохиол бичээд байна.

Орчуулагч: Дашцэрэнгийн Мөнххишиг
Редактор: Цагаанчулуугийн Дэлгэрмаа
Орчуулгын редактор: Батсайхан Сувддулам
Хавтасны дизайнер: Нямдэлгэрийн Энхболд
Концепц дизайнер: Баттулгын Төгсжаргал

Эрхлэн гаргасан: ТАГТАА ПАБЛИШИНГ

Бүх цаг үеийн шилдэг борлуулалттай зохиолчдын нэг гэгддэг Стивен Кингийн “Бичихүйн тухай” хэвлэгдэхэд Entertainment Weekly сэтгүүл “Хаантны (Кинг) өлмий бат оршиг” хэмээн нийтэлж байв. Нэг талаар туурвилчийн намтар дурсамж, нөгөөтээгүүр мэргэжлийн гарын авлага гэж болохуйц эл бүтээл зохиолч хүн бүрд байвал зохих “багажийн хайрцаг”-ийг бэлэн зэхэж, дэлгэн харуулжээ. Кинг зохиолч болохоор шулуудсан хүүхэд насныхаа ой дуртгалаас эхлээд залуу бичээчийн хувиар туулсан хүндхэн сорилт бэрхшээлүүд, золгүйгээр осолдож амь наана там цаана байхдаа зохиол бүтээлийнхээ хүчээр хөл дээрээ боссон амьдралын туршлагаа зөвлөмж болгон бичсэн нь чухамхүү энэ ном билээ. Цэгцтэй бичиглэл, энгүүн нөхөрсөг уур амьсгал, урам зоригоор дүүрэн эл ном залуу уран бүтээлчид, зохиолчид, сайн бүтээлд шимтэгч хэн бүхэнд оюуны цэнгэл эдлүүлж, урлан бүтээхүйн онгод хайрлах буй заа.Стивен Кинг 1947 онд АНУ-ын Мэйн мужийн Портланд хотод мэндэлжээ. Тэрээр 1967 онд “Шилэн шал” нэртэй өгүүллэгээ сэтгүүлд анхлан хэвлүүлж, уран бүтээлийн гараагаа албан ёсоор эхлүүлж байв. Кинг 1971 оноос Хэмптен хотын ахлах сургуульд хэл-уран зохиолын багшаар ажиллаж эхэлсэн агаад багшлах хугацаандаа оройн цагаар болон амралтын өдрүүдээр зохиолоо бичдэг байжээ. 1973 оны хавар Doubleday хэвлэлийн газар “Кэрри” романыг нь хэвлэснээр Кингийн нэр уран зохиолын ертөнцөд цуурайлах болов. Тэр цагаас хойш “Ногоон бүс”, “Гялбаа”, “Үхлийн бүс” зэрэг 70 гаруй роман, 5 уран зохиолын бус ном, 200 гаруй өгүүллэг, тууж бичсэнээс 60 гаруй ном хэвлэсэн нь борлуулалтаараа дэлхийд тэргүүлсээр байна. Стивен Кингийн зохиолуудаар 40 гаруй кино хийгдсэн нь мөн л кино урлагийн салбарыг доргиосон, шилдэг бүтээлүүд болсоор... Кинг 2003 онд Америкийн уран зохиолыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрээрээ АНУ-ын Үндэсний номын сангийн медаль, 2014 онд Үндэсний урлагийн медаль, 2018 онд Америкийн утга зохиолын PEN шагнал тус тус хүртжээ.

Орчуулагч: Батсуурийн Баясгалан

Уран сайхны редактор: Мөнхцолын Батбаяр

Техник редактор: Батсайханы Сувддулам

Хавтаснызураач: Лхаасүрэнгийн Нямдорж

Дизайнер:Нямдэлгэрийн Энхболд

Эрхлэн гаргасан ТАГТАА ХЭВЛЭЛИЙН ГАЗАР 🕊

Оросын суут зохиолч Михайл Булгаковыг бид "Мастер Маргарита" романаар нь маш сайн мэднэ. Тэгвэл түүний бас нэгэн алдартай зохиол "Нохойн зүрх" тууж Монгол хэлнээ орчуулагдан уншигч таны гарт ирлээ. Хэдий 1925 онд бичигдсэн ч их зохиолчийг нас барснаас олон жилийн дараа, 1968 онд барууны ертөнцөд анхлан хэвлэгдэж, сүүлд 1987 онд Зөвлөлтөд хэвлэгдэх эрх олж авсан эл тууж хэдий дистопи, зөгнөлт зохиол маягаар бичигдсэн ч 1917 оны Окткъябрын хувьсгалын чин зорилгыг задлан егөөдөж, коммунист дэлгэмийн хавчлага дарамтыг уудлан илчилсэн туйлын бодит зохиол байв. Зохиолчийн амьд сэрүүнд гэрт нь хийсэн нэгжлэгээр хураагдаж, улмаар уран зохиолын үнэнч уншигчдын гараас гарт нууцаар дамжин тархсан эл зохиол урт удаан хугацааны хүнд хүчир аялал туулсны эцэст сая л Монгол уншигчдыг оюунлаг хоржоон, уран зүйрлэл, сэтгэлгээний гайхамшгаараа дайлах боломжтой боллоо. Зохиолыг бид барууны хэвлэлүүдээр тарсан дутуу гуцуу хувилбараар нь бус, хамгийн үнэн магадтай гэгдэх орос эхээс нь орчуулан танд хүргэж байна.

Орчуулсан: Мягмарын Сугар-Эрдэнэ
Хавтасны дизайн: Монотайп график студи

 

Хүн төрөлхтөний утга зохиолын шилдэг өв дурсгал дунд монголчуудын аугаа их түүх, монголчуудын үлдээсэн ул мөр, нөлөөн дор бичигдсэн гайхамшигт туурвилууд цөөнгүй. Тагтаа Паблишинг монголчуудын нөлөөгөөр бичигдсэн, монголчуудын тухай бичсэн дэлхийн уран зохиолын шилдэг өвүүдийг хураан цуглуулж, монгол түмнээ сорчлон танилцуулах нэгэн бүлэг ажлаа Италийн сод зохиолч Итало Кальвиногийн "Үл үзэгдэх хотууд" туужаар эхлэж байна.

Хубилай хааны хураан тохинуулсан агуу их гүрэн мутрынх нь үзүүр, мэлмийнх нь хараавчнаас нэгэнт хальж, хаан эзэндээ ч танигдахын аргагүй, орчлон хорвоон дайдаар тарамдан сунайжээ. Хаантан өөрийн их гүрний өнцөг булан, өнгө зүс, өвөрмөц төрхийг орчлон хорвоогоор хэрэн хэсүүчлэгч, итгэлт туслах, Италийн аялагч Марко Пологийн амнаас л хачирхан сонсоно. Марко Поло өөрийн үзсэн, орчлон хорвоогийн гайхамшигт сонин хотуудын тухай Хубилай хаанд сонирхуулан хүүрнэж буй зохиомжтой эл тууж Монголчуудын байгуулсан, хүний ой санаанд ч багтаж төсөөлөгдөмгүй агуу их гүрний төсөөллийн дүр төрхийг бүтээгээд зогсохгүй философийн мөн чанарыг ч уудлан гаргасан хосгүй бүтээл юм. Дэлхийн алдартай зохиолчдоос өөрсдийнх нь хамгийн дуртай номуудыг асуухад ихэнхи нь Итало Кальвиногийн "Үл үзэгдэх хотууд"-ыг онцгойлон нэрлэсэн байдаг. Монголчуудын суу алдрыг номын хуудаснаа үгээр дархлаад зогсохгүй дуурь болон тайзнаа амилж, хөгжмийн цомнол болон дэлхийн олон зуун театрт цуурайлсан "Үл үзэгдэх хотууд" хэмээх энэ зохиол бол хувьд харахуй, сэтгэхүй, төсөөлөхүй, бичихүйн хамгийн яруу жишээ болсон гайхамшигт туурвил мөнөөс мөн билээ.

Орчуулагч: Баярсайханы Эгшиглэн
Уран сайхны редактор: Цагаанчулуугийн Дэлгэрмаа
Дизайн: Монотайп график студи

Орчуулагч, яруу найрагч Мө.Батбаярын “Мөнгөн Будда авсан өдөр” яруу найргийн түүвэр хэвлэгдэн гарлаа. Тэрбээр өмнө нь яруу найргийн төрлөөр “Бүгд өөрийн гунигтай” (2016), “Өртөөн дээр хэлэгддэг үгс” (2019) зэрэг яруу найргийн түүврүүд, "Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн" (2021) тэмдэглэл, найрууллын түүвэр, " Үй Хуагийн “Амьдрахуй”,  "Цусаа худалдсан тэмдэглэл”, “Вэн хот”,  Лиякөгийн “Дин тосгоны зүүд”, Чи Жижяньийн “Цасан хөшиг” зэрэг орчуулгын арав гаруй бүтээл хэвлүүлсэн билээ.

 

Зохиогч: Мөнхцолын Батбаяр
Редактор: Батсуурийн Баясгалан 
Хариуцлагатай редактор: Цагаанчулуугийн Дэлгэрмаа 
Дизайнер: Нямдэлгэрийн Энхболд

Навчсаар давалгаалсан намрын шаргал өдрүүд буцах шувуудын дуутай алсрах уйлган гэгэлгэн цагийн намжирга дор зүрх гэдэг нь дэнслүүхэн. Ус шуугисан урины гэгэлгэн өдрүүдийг үдэхэд сэтгэл цалгилж, жиргэлдэн ирэх удаах хаврын өдрүүдийг иртэл жиг суун, ажин түжинг чагнаархах хүлээлт гэдэг нь яруухан. Улирлын сэрүүнд таны сэтгэлд хань болон нөмөрлөхөөр усны цаад эргээс боссон давалгаан мэт түрхрэн шуугьж ирээд, эргийн элс хээлэн аяархан харих залуу авьяастны оргилсон халуун ч уг чанар даруухан шүлгүүд таны өмнө хуудас чичрүүлэн дэлгэгдлээ. Тагтаа хэвлэлийн газрын орчуулагч редактор, Саяака Муратагийн "Нэрийн дэлгүүрийн эмэгтэй", Ким Ионхагийн "Эх орон чинь дуудаж байна" зэрэг уран зохиолын даацтай бүтээлүүдийн орчуулагч Базаррагчаагийн Дэлгэрмаагийн "Цаад эргийн давлагаа" анхны шүлгийн түүвэр уншигч танд ийнхүү хүрч байна. Сэтгэл дэлгэн тосно уу.   Зохиогч: Базаррагчаагийн Дэлгэрмаа Редактор: Батсуурийн Баясгалан Гэрэл зурагчин: Санждоржийн Саруулбуян Хавтасны дизайнер: Нямдэлгэрийн Энхболд Хэвлэлийн дизайнер: Болдмаагийн Марал-Эрдэнэ Эрхлэн гаргасан: Тагтаа Хэвлэлийн газар

“Амьдрахуй” романаараа монгол уншигчдын дунд хэдийн танигдсан, Хятадын өнөө цагийн нэрт зохиолч Үй Хуагийн нэрийн хуудас болсон бас нэгэн алдартай бүтээл бол “Цусаа худалдсан тэмдэглэл” роман билээ. Соёлын хувьсгалын хүнд бэрх он жилүүдэд гэр бүлийнхнийхээ амин зуулга, амь насыг өөрийнхөө цусаар залгуулагч нэгэн эрийн түүхээр Үй Хуа Маогийн дэглэм доорх Хятад орны дотоод шаналан, шандуурлыг машид нарийн уудлахын сацуу амьдрахын төлөө хүн ямар хүйтэн ухаан, халуун сэтгэл гаргах хэрэгтэй болдгийг тун ч торгон, эрмэг бичиж, хүний мөн чанар, ёс суртахууны өмнө давхар давхар асуулт тавьсан юм. “Цусаа худалдсан тэмдэглэл” роман хятадын орчин үеийн уран зохиолын хамгийн нөлөө бүхий арван романы нэгээр зүй ёсоор нэрлэгддэг билээ.

 

Орчуулагч: Мөнхцолын Батбаяр
Уран сайхны редактор: Ц.Дэлгэрмаа
Хариуцлагатай редактор: Б.Баясгалан
Хавтасны зураач: Л.Нямдорж
Хавтасны дизайнер: Монотайп график студи

 

Хэвлэгдсэн он 2019
ISBN 9997875966

Зун дуусав,
Иймхэн богино.
Зуун жил ч
Ингээд л замхарна...” гэж найрагч бээр цаг хугацааны тухай шүлэглэсэнчлэн эдүгээ бид ахиад л нэг урины төгсгөлд дөтлөн иржээ. Эрч хурдаа аван довтолгох цаг хугацааны хүлэг морьд чухам ямархан мөр үлдээж буйг тэмдэглэн авч буй мэт сэтгэгдэл сэтгүүлийн шинэ дугаараа зэхэх бүр төрдөг билээ л. Эл дугаарынхаа хойморт бид эртэн цагийн сүнстэн мэт түүхийн тодхон агшнуудыг гэрчлэн хүүрнэгч эрхэм бичээчийг урин заллаа. Өвгөн бичээчийн ярианаас өлгөж хоцорсон санаа гэвээс дэлхийн дайдыг хүлгийн туураар тамгалсан өвөг дээдсийнхээ түүхийг өөрсдийнхөөрөө сэргээн бичиж, өнөөгийн дэлхийн сонорт үнэн зөвөөр хүргэх тухай байлаа. Тэр мэтээр нар гудайтал ярилцан суусны ард гэрээс нь гараад ирэхэд зуныүдшийн зөөлөн салхи сэвшиж, биднийг үдэн алгаа хавсран “зал барин” зогсох өвгөн зохиолчийн цээжинд хадгалаатай эрхэм санаа энэ бидний цагт биелж, үр хойчист үлдээсэй хэмээн эрхгүй сүслэн бодсон сон.

Эх орон, их түүх, эх хэл гурав салшгүй холбоотой. Саяхан манай оронд айлчилж, Монголын яруу найрагчидтай шүлэг зохиолоо солилцон орчуулж, соёл заншлаа танилцаад явсан Шведийн яруу найрагч Магнус Уйльям Оллсоны эх хэл болоод яруу найргийн талаар өргөн цар хүрээтэй ярилцлага утга зохиол сонирхон бичигч, мэргэшигчдэд сонин сайхан байх болуужин хэмээн найдна. Инагшлаад энэ жилийн Каннын кино наадмын улаан хивснээ эрхэм сайхан монгол нэрээ дуудуулан алхсан цэл залуу найруулагч бүсгүйг урин ярилцаж, эдүгээх нийгмийн асуудлыг кино хэлээр хэрхэн хөндөж буй тухайд яриа өрнүүллээ. Зохиолчид бие биенээ зорин очиж уулзаж, нэг нэгнийхээ нутаг заншилтай сэтгэл дэлгэн танилцаж, уран бүтээлээрээ бие биедээ улам ээнэгшин дотноссон үүх түүх арвинтай энэ дугаар маань бас нэгэн холын зочны ойрын айлчлалын сургийг бататгасан халуун баярт мэдээг уншигчдаа дуулгаж, уран зохиолд хайртай хэн бүхний магнайг тэнийлгэх болно. “Тагтаа рэвью” энэ намрын дугаарын зочин уран бүтээлчээрээ гэрэл зурагчин Ганзоригийн Цолмонг онцлов. Ерөөс гэрэл зураг ч бас цаг хугацааг тэмдэглэн авч буйн гэрч билээ.

Утга зохиол, урлаг соёл, боловсрол… гээд өргөн сэдвийг хамруулан цар даацтайхан бичвэрүүд багтаасан шинэхэн сэтгүүл маань эгээ л хамаг бүхэн боловсорч гүйцэн, баялаг үэзмжээ дэлгэх намрын улиралтай эн зохирч байнам. Мөдхөн бид их хотынхоо түмэн түчигнээн, буман бужигнааныг үүсгэлцэж, хүүхдээ зөөж, ажилдаа шамдаж, “амьдрал” хэмээх цаг хугацааны нэгэн шинэ улиралд хөл тавих болно. Тийнхүү урин цагийг үдэж, намар цагийг тосохуй дор уншигч Таныг сэтгүүлийнхээ шинэ дугаарт урьж байна. Таалан болгооно уу!

Дугаарын удирдагч Цагаанчулуугийн Дэлгэрмаа

  

Эрхлэгч: Батсуурийн БАЯСГАЛАН
Дугаар удирдсан: Цагаанчулуугийн ДЭЛГЭРМАА
Нийтлэлч, редактор: Мөнхцолын БАТБАЯР
Орчуулагч, редактор: Базаррагчаагийн ДЭЛГЭРМАА
Дизайнер: Цэнгэлийн ЭРХБАЯР
Дизайнер: Болдмаагийн МАРАЛ-ЭРДЭНЭ
Концепт дизайнер: Ангарагийн МӨНХДӨЛ
Зочин уран бүтээлч: Ганзоригийн ЦОЛМОН /MOrris/

Эрхлэн гаргагч : ТАГТАА ПАБЛИШИНГ ХХК

Хэвлэгдсэн он 2023
ISBN 9789919989385

Хүний сэтгэлийг тэнгис далай юм гэвэл дурсамжийг нь чулуутай зүйрлэж болом. Ус руу чулуу шидэхэд цалгилан долгилж мяралзаад, эргээд тогтуун болдог доо. Шведийн нэрт кино найруулагч Ингмар Бергман найруулагчийн замнал хийгээд амьдралынхаа түүхийг уудалсан энэхүү номоо бичихийн тулд бүтэн хоёр жилийн турш сэтгэлийнхээ тэнгис рүү дурсамжийн чулууг эгээ л уургаа хаях загасчин мэт уйгагүй шидэж, баялаг, өрнүүн атлаа басхүү уйтай, тун ч үзэсгэлэнтэй долгисыг бүтээн бидэнд харуулжээ.
Бүх цаг үеийн хамгийн агуу найруулагчдын нэгэнд зүй ёсоор тооцогддог эл эрхэм цаг ямагт агуу байгаагүй гэдгээ чин шударгаар хүлээн зөвшөөрч, өөрийн доторх турьгүй бяцхан хүү, өтөл өвгөн, сахиусан тэнгэрүүд хийгээд ад зэтгэрүүдээ ч нуулгүй илчлэн хүүрнэснийг энэхүү номоос та унших болно.
Уран бүтээлч хүнд үр дүн бус, үйл явц хамгаас чухал аж. Эдүгээ бидний гүн гүнзгий танилцах эл найруулагч киноныхоо дүрүүдэд баяр жаргал, уй гуниг, цөхрөл шаналал, хөөр догдлол гээд дотоод ертөнцийнхөө бүхий л тусгалыг юүлэн харуулж чаддагаараа эрхгүй ялгардаг билээ. Тэрээр үзэгчдийн бэлхнээ таашаан буй үр дүнд хэнийх нь ч тааварлаж мэдэхгүй ямар нарийн үйл явцаар дамжин хүрдгийг зураглан үзүүлэхдээ оюун санааны давчуу орон зайгаас хальж, сэтгэлээс сэтгэл рүү эгээ л ус мөрөн лугаа адил цутгах энгүүн агаад хүчирхэг “хэлээр” хүүрнэсэн нь эдүгээ таны өмнө дэлгээтэй буй энэ ном билээ.
Энэхүү номыг эрхлэн хэвлүүлэхэд ивээн тэтгэж, уншигчдын маань урлагийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулсан, соён гэгээрүүлэх үйлсийг дэмжигч "Шүүдэр" сангийн хамт олонд гүнээ талархая!

 

Орчуулагч: НАРМАНДАХЫН ӨНӨРЖАРГАЛ
Ерөнхий редактор: ЦАГААНЧУЛУУГИЙН ДЭЛГЭРМАА
Орчуулгын редактор: БАТСУУРИЙН БАЯСГАЛАН
Хавтасны дезайнер: БҮЖИНГИЙН МӨНХБАТ
Концепт дизайнер: БАТТУЛГЫН ТӨГСЖАРГАЛ

 

Эрхлэн гаргасан: ТАГТАА ПАБЛИШИНГ ХХК

Хэвлэгдсэн он 2023
ISBN 9789919989354

Тааран материалтай. Цагаан, Бор шаргал хоёр төрлийн өнгөнөөс сонголтоо хийнэ үү? Захиалга хийхдээ өнгөний сонголдоо бичих...

Тагтаа хэвлэлийн газар хүүхдэд зориулсан шүлэгт шинэчлэл хийснээрээ япон оронд төдийгүй, олон улсад нэн алдартай, яруу найрагч Канеко Мисүзүгийн "ЦУУРАЙ ЮМ УУ, ЧИ?" хэмээх яруу найргийн түүврийг бүх насны уншигчдадаа зориулан хүргэж байна.


Томчууд бид хүүхдэд зориулж аливаа бүтээл туурвих, сонгохдоо хүүхдийг дэндүү дутуу үнэлж, тэдний ертөнцийг дандаа өөрсдийнхөөрөө хялбарчлан боддог гэмтэй. Гэтэл хүүхэд гэдэг бидний нүдэнд балчир, гэнэхэн харагдаж байж мэдэх ч, ердөө л тоглоом наадгай, чихэр жимс төдийхөн бодож явдаг дуу шүлгийн хялбархан дүр биш ээ. Тэд бас эцэг эх, гэр бүлийнхнийхээ элбэрэл ачлал дор дандаа жаргалтай, дандаа баясгалантай байдаг хүүхэлдэйн киноны өхөөрдөм дүр биш. Хүүхдүүд гэр бүл, эргэн тойрон, тэр бүү хэл улс оронд нь өрнөн буй аж амьдралын баяр жаргал, зовлон гунигийг яг л томчуудтай нэгэн зэрэг мэдэрч, бүгдийг нь томчуудтай хамт туулдаг. Тийм ч учраас үхлийн тухайд хүүхдийн мэдрэмж, хагацлын тухай тэдний анхны сэрэмж, амьдралын энгийнээс ч аз жаргалыг бүтээж чаддаг хүүхдийн сууг бид үл ойшоож боломгүй билээ. Тэд амьдралыг өөрсдийнхөөрөө эргэцүүлж, тэр л эргэцүүлэл, эргэлзээ, асуултуудаа үүлсийн хэлбэр, навчсын хэлэнд шингээн, мэдрэмжээ хамгийн гэгээн, хамгийн бүтээлчээр илэрхийлж чаддаг жинхэнэ уран бүтээлчид билээ.


Мисүзү хүүхдийн дотоод ертөнцийн баялгийг хэзээ ч басамжлан бодоогүй цөөхөн уран бүтээлчдийн нэг юм. Тэр шүлгээрээ зүрх сэтгэлд нь үргэлж хадаатай явдаг ч, томчуудаас бэргээд асууж чаддаггүй хүүхдүүдийн олон асуултыг асууж, хариултыг нь аанай л хүүхдийн гоц ухаанаар нээн өгүүлж чадсан юм. Тиймдээ ч түүний шүлгүүд хүүхдүүдэд найз, эцэг эхчүүдэд нээлт болдог билээ. Ерөөс түүний шүлгүүд амьдралд даруу бөгөөд хүндэтгэлтэй хандахыг хэн бүхэнд сануулан, бүгдийн сэтгэлийг булаах шидтэй. Цэл залуу 26 насандаа хорвоог орхисон тэр бээр Фусае гэдэг ганц охинтой байв. Ийм богинохон наслахдаа асар хүнд амьдралын дундаас ч сайн сайхныг нь олж харж, хайрлахын хүчийг бидэнд үзүүлсэн билээ. Түүний шүлгүүд зуун жилийн дараа ч хүмүүсийн зүрхэнд хонх шиг жингэнэж, шүүдэр шиг бөнжгөнөн, багваахай шиг дэлгэрч, шувуухай шиг жиргэсээр байна. Загасчдын тосгонд өссөн өрөвч, нинжин охины аварга том халимаас авхуулаад жижигхэн зөгий хүртэл, одод, моддын тухай шүлэглэхээс өгсүүлээд нүдэнд үл үзэгдэх зүйлсийг хүртэл ив ижилхэн хайрлан, энэрч бичсэн шүлгийн мөрүүд уншсан хүний зүрх сэтгэлийг гэрэлтүүлэн, гийгүүлж, амьдралын сайн сайханд итгэх хүчийг нь сэлбэдэг билээ. Хамгийн чухал нь хүүхдийн ертөнцийг томчуудын үзэмжээр тоймлож, хялбарчлалгүй, хүүхдийг хүүхдийн мэдрэмжээр нь ойлгуулж чаддагаараа томчуудад ч том сургамж өгдөг нь Мисүзүгийн шид гэлтэй.


Шүлгийн номын нэрний тухайд онцлогтой. 2011 оны гуравдугаар сарын 11-нд Японд болсон Тохокугийн аймшигт газар хөдлөлт болон цунамигийн үеэр хорин мянган хүн амь үрэгдэж, улс орон даяар уй гашууд автсан билээ. Энэ хүнд хэцүү цаг үед өргөн нэвтрүүлгийн сувгаар сайн дурынханд итгэл, урам өгөхийн тулд Мисүзүгийн "Цуурай юм уу, чи?" шүлгийг дахин давтан цацаж байсан гэдэг. Өөрийгөө хайрладаг шигээ бусдын хайрлахыг сануулсан энэ шүлгийн ачаар япончууд хүнд хэцүү цаг үеийг тайтгарал, итгэл найдвараар даван туулж, гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслахаар мянга, мянган сайн дурынхан Тохокуд цугласан түүхтэй. Тэгж японы ард түмэн Мисүзү хэмээх шүлэгчийг ахин нэгтээ санаж, бүр ихээр хайрлах болсон юм. "Би энд байна", "Би тэнд байна", "Би жаргалтай байна", "Би ч бас баяртай байна", "Би чамд хайртай!", "Би ч бас чамд хайртай!" Хэлсэн үг, хийсэн үйлдэл бүхэн чинь цуурай мэт чам руу эргээд ирнэ. Энэ бол японы ард түмний зовлонгийн дороос хүчийг олон дээш өндийх амны уншлага, тарни байлаа.



Цуурай юм уу, чи?


“Хоёулаа тоглоё!” гэж хэлэхэд минь чи

“Хоёулаа тоглоё!” гэж хэлнэ.

“Тэнэг!” гэж хашхирахад минь дагаад л чи

“Тэнэг!” гэж хэдэрлэнэ.

“Чамтай тоглохоо болилоо!” гэвэл

“Чамтай тоглохоо болилоо!” гэнэ.

Удаж түдэлгүй

Ганцаардсан намайг

“Уучлаарай!” гэхэд аанай л өөдөөс

“Уучлаарай!” гэнэ.

Цуурай юм уу, чи?

Үгүй үгүй.

Чи бол намайг тойрсон

бүх хүн.



Том ан


Нар мандахад, сүр жавхлантайяа мандахад

“Ганзага дүүрэн шүү” гэсээр

Манай загасчид ирлээ.

Май загасыг тор тороор нь барьжээ.

Эрэг дээр олз омгоо баяр болгоно.

Энүүхэн далайн ёроолд гэвч

Арван түмэн ах дүүсээ үдэх

Аймшигт оршуулгын ёслол болж буй.

Зөгий ба Бурхан

Зөгий нь цэцгийн цомирлиг дотор

Цэцэг нь цэцэрлэг дотор

Цэцэрлэг нь хашаан дотор

Хашаа нь хот дотор

Хот нь Япон дотор

Япон нь дэлхий дотор.

Тэгээд, тэгээд бас Бурхан нь

Тэр бяцхан зөгийн дотор.


Зохиолч: Канеко Мисүзү

Шүлгүүдийг орчуулсан: Батсуурийн Баясгалан

Монгол тайлбарын зохиолч: Базаррагчаагийн Дэлгэрмаа

Зураач: Сайнбаярын Энх-Од

Ерөнхий редактор: Цагаанчулуугийн Дэлгэрмаа

Уран сайхны редактор: Мөнхцолын Батбаяр

Дизайнер: Баярмагнайгийн Билгүүн


Эрхлэн гаргасан: ТАГТАА ХЭВЛЭЛИЙН ГАЗАР


Хэвлэгдсэн он 2023

ISBN 9789919989378

Тагтаа хэвлэлийн газрын эрхлэгч, яруу найрагч, орчуулагч Батсуурийн Баясгалангийн хүүрнэл зохиолын анхны түүвэр "ЭТГЭЭД ХҮСЛИЙН ЦУГЛУУЛГА" уншигч таны гарт очих гэж байна. Зохиолч " 'Эдгэрэл' шүлгийн түүврээ хэвлүүлснээс хойш хэдий нь таван жил өнгөрчээ. Энэ удаад "Этгээд хүслийн цуглуулга"-аа уншигчдынхаа өмнө дэлгэж байна. Өгүүллэг, туужийн түүвэр юм. Зохиолчийн анхны хүүрнэл зохиолын ном болно. Өөр юу хэлэхсэн билээ. Орчин цагийн монгол хэлт уран зохиолын ай савд нэгэн түрлэг болуужин гэж ер сэтгэлээ шингээн, есөн хүслээ шившин хавтаслалаа. Таалалд тань нийцэх болтугай!" хэмээжээ. Ном ирэх долоо хоногт худалдаанд гарна.


Зохиолч: Батсуурийн Баясгалан

Редактор: Цагаанчулуугийн Дэлгэрмаа

Хавтасны зургийг: Ёндонгийн Чанцалдулам (Chayodu)

Хавтасны дизайнер: Баярсайханы Тамир

Модел: Энхбаярын Ерөөлтбилэг

Эрхлэн гаргасан Тагтаа Паблишинг

 

Хэвлэгдсэн он 2023

ISBN 9789919989361

Сэтгүүлийнхээ өмнөтгөлийг Өмнөд Солонгос улсын нийслэл Сөүл хотоос бичиж байна. Хоёр хоногийн өмнө Шар тэнгисийн эрэгт суугаад нар жаргахыг ажсан юм. Нар яг л тэнгисийн ус руу унаад унтарчих шиг жаргана лээ. Тэгдэг болохоор энд нар жаргангуут л харанхуй болчихдог юм. Юм бүхэн дэндүү хурдтай. Юм бүхэн дэндүү хурдтай болохоор энэ насанд юу ч хийж амжихгүй мэт мэдрэмж давамгайлна. Амьдрал тийм ч урт биш санагдаж эхэлнэ гэсэн үг. Монголд харин өөр. Нар жаргаад үдшийн шар бүрий эхэлж тэнгэрийн хаяа улаагаад түүнийг цагаан гэгээ залгаж дараа нь асганы хар бүрий айлчилж ард нь харанхуй эхэлнэ. Тиймээс манайд “шар бүрий”, “цагаан гэгээ”, “харуй бүрий” гэж цаг хугацаа заасан үгс бий. Өвлийн улиралд харьцангуй бага ажиглагддаг ч тогтож сайн ажвал тодорхой анзаарагдана вий.

Манайд юм бүхэн удаан, юм бүхэн уужимхан. Орон зай, цаг хугацаа бидэнд хангалттай байгаа гэсэн мэдрэмжийг эх орон маань надад өгч байсныг энд алхаж явахдаа би ойлгодог. Орон зай гэдэг нь зүгээр л газар нутгийг хэлж байгаа юм. Энд бол байшингийнхаа дээвэр дээр ногоо тарьж, далайн буланг боож усыг нь соруулж ширгээж газар гаргаж аваад түүн дээрээ хотоо байгуулж амьдардаг газар. Яг одоо миний алхаж буй энэ хотын оронд их далай цалгилж байсан гээд бод доо. Тийм болохоор энэ нутаг орноос би орон зай уйтан, цаг хугацаа түргэн гэсэн мэдрэмж авна. Харин манай улсад орон зай нь ч уудам, цаг хугацаа нь ч талбиун байдаг юм шиг. Хот байгуулж, шавар гэртээ шавалдан сууж эхэлсэн минь саяхнаас. Хэчнээн ч “далай ширгээгээд” дээр нь хэдэн ч хот байгуулчих цаг хугацаа бидэнд байна. Далай ширгээх ч хэрэггүй хотоо хэдий нь байгуулчих орон газар шүү дээ. 

Орон зай хийгээд цаг хугацаа чамд байна гэдэг л оршин байхуйн хамгийн үнэтэй хоёр зүйл гэж сэтгэнэ. Намайг яг үүнийг бичиж суухад гадаа цас бударч байна. Зөөлөн, хөвсгөр цас. Зөнгөөрөө унаж, унангуутаа хайлж байна. Хаа сайгүй өнгө өнгийн шүхэр дэлгэгдэж хотын гудам цэцгийн мандал шиг харагдаж байна. Энд онцгой цастай өвөл болж байна. Цас, цастай хамт айлчлах өвөл гэдэг энд бол их л романтик улирал бололтой. Цаснаар алхах, болзох, цас бударч байгаа гудамжинд гараа алдлан эргэлдэх, цас лавсаж байгаа далайн мандлыг ширтэх, Хан мөрөн дээгүүр цасны манан суух гээд л өвлийг хачин романтикаар сэрж мэдэрнэ. Хүлээж авна.

Харин монголчуудын хувьд өвөл гэдэг зуд зурхан, хахир хүйтэнтэйгээ хамт амьдралын хэмнэл, амьдралын чанар, амьжиргааны түвшинд ч нөлөөлөхүйц хүндээр тусдаг шиг. Адаглаад л өвөлтэй зэрэгцээд утаа эхэлнэ гэхээс хэн хүнгүй өвлөөс халширмаар. Өвөл гэдэг бидний хувьд романтик улирал гэхээсээ туйлдаж унамаар дарамттай үе болжээ. 

Өвөл... Өвөг монгол бичгээр бол “эбүл” хэмээмүй. Түүхэн хэлзүйн үүднээс “эбүл”, “эбүгэ”, “эбүгэн” гэх үгс нэг язгууртай. Монгол бичгээр ийн бичиж байснаа кирилл бичигт үгийн эхэнд орсон “Э” эгшиг ухарч ижилсэн “өвөл”, “өвөг”, “өвгөн” болчихуй. Эдгээр үгс нь өтлөх, хөгшрөх, өнгөрөх, өвгөрөх, хуучрах гэх мэт утгыг заана. Харийн энэ улсад өвөл гэхүй хайр сэтгэл, залуу насыг сануулдаг ажаам. Харин миний Монголд өвөл гэхүй цал буурал өвгөн санагдах амуй. Говийн догшин ноён хутагт Данзанравжаа “Дөрвөн улирал” шүлгийнхээ дотор өвөл цагийг өнгөрөхтэй адилтгасан нь санаандгүй тохиолдол бус чухам монголчууд энэ улирлыг өтлөх өнгөрөх, үхэл мөхөлтэй хайнцуулан таньж мэдэрдгийнх буй за.

Намур /намар/ ану нам, намжуун, намуун зэргээр тухайн улирлын налгар намуухан шинжээс үүдэлтэй ийн нэрлэж. Хавар нь ховор гэх шиг мөн л тус улирлын ховор живэр, хомс шинжийг хэлсэн мэт сэтгэгдэнэ. Гэтэл өвлийг таньж мэдэрсэн нь түүний хүйтэн, хахир, цастай шинж бус илүү гүн гүнзгий эцэс төгсгөл, өвгөрөх өтлөхтэй дүйлгэж ойлгож байгаа нь нэн сонирхолтой. Үхэл төгсгөл гэгч нэн гүн ухаанч үзэл агаад өвлийн улирлыг үхэлтэй жишин сэтгэсэн нь ч нэн гүн ухааны. Манай орны дөрвөн улирал алив зүйлийн үүсэх-дэлгэрэх-задрах-мөхөх жамыг бидэнд харуулж байдаг. Мод ч ийм жам туулна, хад ч ийм жам туулна. Хүн, амьтан, ус ургамал ч үүсэх, дэлгэрэх, задрах, мөхөх энэ жамаас хазайхгүй. Манай орны дөрвөн цаг энэ жамыг бидэнд мөнхөд сануулан хүрдлэн оршном. Үүний дотроос өвөл ину бидэнд мөхөл төгсгөлийг сануулан сэхээрүүлж байдаг улирал юм уу даа. Иймдээ үхэл хэмээгч нь уран зохиолын хувьд ч мөнхийн сэдэв болсоор иржээ. Магад үхэл буйгаас урлаг, философи байдаг ч байж болох юм. Үүрэглэгч энэ нам гүм, цав цагаан улирлын элгэнд хяраад, үхэл зайлшгүйг есөн есийг тоолон бясалгаж аваад бид амьдралын гүн рүү илүү шуналтай, илүү цэвэр оюунаар ахин шунгана.


Дугаар удирдсан: Мөнхцолын БАТБАЯР


Эрхлэгч: Батсуурийн БАЯСГАЛАН

Ерөнхий редактор: Цагаанчулуугийн ДЭЛГЭРМАА

Орчуулагч редактор: Базаррагчаагийн ДЭЛГЭРМАА

Дизайнер: Цэнгэлийн ЭРХБАЯР

Дизайнер: Ангарагийн МӨНХДӨЛ

Зочин уран бүтээлч: Баярсайханы Тамир



Хэвлэгдсэн он 2023

ISBN 9789919989347

Туркийн зохиолч Элиф Шафак нь Исламын ертөнцөөс олон улсад хамгийн сайн танигдсан зохиолчдын нэг юм. Турк, англи хэлээр бүтээлээ туурвидаг түүний зохиолууд өдгөө дэлхийн тавь гаруй хэлнээ хөрвүүлэгдэж, олон соёлын уншигчдын зүрх сэтгэлийг татжээ. Тэрээр алдартай зохиолч төдийгүй эрдэмтэн, олонд танигдсан илтгэгч, эсээч, эмэгтэйчүүдийн эрх, үндэсний цөөнхийн болон бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалахын төлөө идэвхийлэн зүтгэгч, нийгмийн томоохон зүтгэлтэн билээ. Элиф Шафак одоогоор арав гаруй роман туурвиснаас хамгийн алдартай нь эдүгээ таны гар дээр буй “Хайрын дөчин дүрэм” юм. Монголчуудын байлдан дагууллын үеийн Исламын ертөнцийн гарамгай найрагч Румигийн амьдрал, тэмцэл, агуу нөхөрлөлийн түүхийг орчин үеийн жирийн бүсгүйн хайрын түүхтэй сүлэн бичсэн эл бүтээл “хайр” хэмээх хашигдах хил, хоригдох хэлгүй ид хүчнийг мэдэн захирах дөчин дүрмийг дэглэн толилуулжээ. “Хайрын дөчин дүрэм” романыг BBC-ээс “Хамгийн нөлөө бүхий 100 роман”-ы нэгээр нэрлэжээ. Орчуулагч: Б.Сувддулам Уран сайхны редактор: Ц.Дэлгэрмаа Техник редактор: Ж.Тэгшзаяа Хавтасны зураг: Л.Нямдорж Хавтасны дизайн: Б.Билгүүн Эрхлэн гаргасан: ТАГТАА ПАБЛИШИНГ

“Эх орон чинь дуудаж байна” роман зохиолчийн хамгийн чухал бүтээлд тооцогдох бөгөөд нэг ард түмэн хоёр хэсэг хуваагдаж, хэлээр биш ч хилээр харьшсан явдлаас ургуулан жир хүний хувь заяа хийгээд, ерөөс хүмүүний мөн чанарыг нийгэм, сэтгэлзүй, ёс суртахууны олон талаас шүүн тунгаасан тун сонирхолтой бүтээл юм. Дорно дахины нэн шинэ үеийн уран зохиолын өнгө төрх, хэр чадамж, хэм хэмнэлийг манай уншигчдад мэдүүлж, мэдрүүлж чадна хэмээн итгэж энэхүү бүтээлийг бид таны өмнө дэлгэвэй.Зохиолч Ким Ионгха 1968 онд Хуачонь мужид төржээ. Эцэг нь цэргийн хүн болохоор тэднийх байнга нүүж суудаг байв. Багадаа нүүрсний утаанд угаартсаны улмаас арван наснаасаа өмнөх ой дурсамжаа алдсан гэдэг. Тэрээр Ёнсэй их сургуулийг 1993 онд дүүргээд Сувоны нэгэн цагдаагийн хэсэгт туслах мөрдөгчөөр ажиллан, цэргийн албаа дүйцүүлэн хаажээ. Харин 1995 оноос уран бүтээлийн замналаа тууштай эхлүүлж “Надад өөрийгөө егүүтгэх эрх бий” /1996/, “Хар цэцэг” /2004/, “Эх орон чинь дуудаж байна” /2008/, “Алуурчны ой санамжийн лавлах” /2017/ зэрэг романууд туурвисан нь зохиолчоо ихэд алдаршуулжээ. Орчуулагч: БАЗАРРАГЧААГИЙН ДЭЛГЭРМАА Редактор: Цагаанчулуугийн Дэлгэрмаа Хавтасны зураач: Лхаасүрэнгийн Нямдорж Хавтасны дизайнер: Баярсайханы Тамир Эрхлэн гаргасан: ТАГТАА ПАБЛИШИНГ
Мэлхий

(Дууссан)

Дэлхийн орчин цагийн утга зохиолын үгүйсгэгдэшгүй тод дүр, “төрсөн нутгийн ой санамжаар” дамжуулан нийгэмд ганцаардан хавчигдсан хүмүүсийн орь дууг дуурсган бичиглэгч Мө Янийн хамгийн алдартай бүтээл "Мэлхий"-г Тагтаа Паблишинг уншигч танд өргөн барьж байна. Бүхэл бүтэн нэгэн үеийн бие хийгээд сэтгэлийн өлсгөлөнг илчлэхийг урьтал болгосон эл бүтээлээрээ Мө Янь хувь хүнийхээ хувьд ч хамаг л гэм буруу, нүгэл хилэнцээ уншигчдын өмнө хайр найргүй тайчин хаясан бөгөөд ингэж чадсаных нь төлөө түүнийг “тайтгаршгүй романч”, “өлсгөлөн, гэм зэмийн бичээч” хэмээн нэрлэдэг. Тэрээр хүүрнэл зохиолын том хэмжээний арав гаран бүтээл хэвлүүлснээс “Мэлхий” (2009) роман нь орчин үеийн туурвил зүйд хятадын үлгэр домгийн өнгө аясыг гарамгай сүлэлдүүлж чадсан онцгой бүтээл юм. Тиймээс ч Мө Янь халлиуцинатор (хий үзэгдлийн) реализмыг домог сэлт, түүхэн бичлэг, орчин цагийн сэдэвтэй гарамгай хоршуулсны учир 2012 онд Нобелийн утга зохиолын шагналыг хүртжээ. "Ядуу гачуугийн гашуун зовлон, төрүүлсэн ээжийн минь гунигтай амьдрал, ганцаардаж энэлсэндээ эд зүйлсийг амь оруулж, амьтдыг хүнээр сэтгэх болсон бага нас, хувь тавилангийн гарах гарцгүй байдал, өнөөгийн Хятад улс байгаагүй бол би зохиолч болохгүй байсан" хэмээн тэрээр өгүүлсэн нь бий. Мө Янь хэмээх бичгийн нэрээрээ уншигч бидэнд танигдсан Гуан Мо Еэгийн хамгийн сүүлд хэвлүүлсэн бүтээл бол танд танилцуулан буй эл "Мэлхий" роман юм. Мэлхий гэснээс хятад хэлнээ энэ амьтныг Ва гэж нэрлэдэг. Вааглахын ваа, уулга алдахын ваа, улаан цурам хүүхэд часхийн уйлах ваа, хүн төрөлхтнийг бүтээгч эх Ньюваа... Орчуулагч: Амарбаатарын Урантогос Уран сайхны редактор: Ороолонгийн Элбэгтөгс Ерөнхий редактор: Цагаанчулуугийн Дэлгэрмаа Номын хавтасны зураг: Лхаасүрэнгийн Нямдорж Номын дизайн: Зандангаравын Мандах Эрхлэн гаргасан: ТАГТАА ПАБЛИШИНГ

Хятадын хаа нэгтээ номын дэлгүүр таарвал та ороод орчин үеийн уран зохиолын эгнээг гүйлгээд нэг хараарай. Хавтсан дээрээ 余华 гэсэн ханз бүхий номууд нэлээд зайг эзлэн байх вий. Тэр хоёр ханз бол одоо таны унших гэж буй “Амьдрахуй” туужийн зохиолч Үй Хуагийн нэр юм шүү дээ. Хятадын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөл Үй Хуа 1960 оны дөрөвдүгээр сарын 3-нд Ханжөү хотод эмчийн гэр бүлд төржээ. 1977 онд дунд сургуулиа төгсөөд муждаа очиж таван жил шүдний эмчээр ажиллаад Бээжин хотод ЛүШюнь утга зохиолын сургуульд элсэв. 1983 оноос Ханжөү хотын соёлын ордонд ажилд орж, уран бүтээлийн замналаа эхлүүлснээр судлаач, шүүмжлэгчдийн анхаарлыг татаж эхэллээ. Үй Хуа одоогоор дөрвөн роман, зургаан өгүүллэгийн түүвэр, эсээний дөрвөн ном туурвиснаас “Амьдрахуй”, “Ахан дүүс”, “Зүс борооноор хадах дуун” романууд нь хамгийн алдартай. Бидний сонгон танд хүргэж буй “Амьдрахуй” туужаар 1994 онд нэрт найруулагч Жан Имоу кино бүтээж Каннын кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн бол 1998 онд Италийн утга зохиолын ГрицанеКавур шагналыг хүртсэн юм. Түүнийг барууны хэвлэлүүд “Үй Хуа бол орчин цагийн Хятадын Бальзак, ЧарльзДеккинс” хэмээн тодорхойлсон ч түүний бичлэгийн арга барилыг хэн нэгэн зохиолчтой шууд хамаатуулж боломгүй өөрийн гэсэн тод өнгө аястай зохиолч билээ. Хувь тавилан бидэнд аз жаргал, зовлон зүдгүүрийн аль алийг нь өгдөг. Тэр дундаас бид тулах цэгээ олж авах л хамгийн эрхэм гэсэн санааг Үй Хуа зохиол бүрдээ ямар нэг хэмжээгээр тусгадаг. Их мөрөнд хөл алдан үйж яваад унжгар удны нэгээхэн мөчрөөс атгаж аврагдах адил тийм л авралын мөчрийн эрэлд зохиолынх нь дүрүүд хатаж явдаг. Жаргалд ташуурах, зовлонд бүдрэхийн алинд ч зуураад үлдэх үнэт зүйлс хүний оршихуйд хэрэгтэй. Бид зовлонт амьдрал дундаас юу эрдэг вэ? гэсэн асуултаар уншигчаа алхам тутамд нь “шамдуулдаг” билээ. Тэрхүү этгээд ур маяг, өнгө аяс, дүр төрх тод туссан бүтээл нь “Амьдрахуй” тууж. Орчуулагч: Мөнхцолын Батбаяр Редактор: У.Бямбаням Хавтасны зураг: Л.Нямдорж Дизайн: Монотайп график студи Эрхлэн гаргасан: ТАГТАА ПАБЛИШИНГ

Хорьдугаар зууны Чехийн нөлөө бүхий зохиолчдын нэг, орчин цагийн Чехийн утга зохиолын нүүр царай болсон Бохумил Храбалын хамгийн алдартай зохиолыг бид уншигчдадаа өргөн барьж буйдаа бахархалтай байна. Аль ч орны утга, уран зохиол нийгмийг хамарсан томоохон өөрчлөлт хувьсгалын дараа дахин төрсөн мэт шинэчлэгдэж, шинэ амьдралын нөр цуурайн дээр гагц уран зохиолын ертөнцөд төдийгүй үндэстнийхээ сэтгэлгээнд тэсрэлт хийсэн томоохон туурвилчид, үзэл санааны нийтлэгүүдээрээ ялгаран цолгорч эхлэдэг. “Дөтлөн үзэгдэх галт тэрэг” болвоос Дайны дараах Чехийн уран зохиолд тэсрэлт авчирсан тэр л бүтээлүүдийн нэг юм. Гитлерийн фашизмын хөлд үрэгдэх дөхсөн европын олон жижиг улс дайны дараа сая нэг талхинаас чөлөөлөгдөж, ард түмэн нь амьдрал үргэлжлэх нь гэсэн итгэл найдвараа сэрээж ядан, энх амгалан цагийн аяс зөөлнийг таньж ядан байсан тэр цаг дор Храбал гашуун гэвч егөөтэй нь дэндүү, хүнлэг гэвч баатарлаг нь мөн төдий их ийм нэгэн тууж бичиж дайны жилүүдэд эгэл Чех түмний амссан энэлэн шаналан, улс үндэстнийхээ туулсан уйтгар гунигийг сэгсрэлцэхэд ихээхэн хүч өргөсөн юм. Зохиол дээр үндэслэж, Чехийн найруулагч Жири Мензелийн бүтээсэн “Прагийн хавар” кино 1968 оны Оскарын кино наадмаас “Шилдэг гадаад хэлт кино” шагналыг хүртэж байлаа. Чехийн гоц зохиолч Милан Кундерагийн “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” романыг Ж.Тэгшзаяагийн дуун хөрвүүлгээр уншигчдадаа танилцуулсны дараах мөн орны уран зохиолын сувд шүрээс дээжилсэн хоёр дахь алдартай бүтээлийг бид ийнхүү уншигчдадаа өргөж байна. Бохумил Храбал хэмээх хувь хүн байтугай улс үндэстний туулсан эмгэнэлийг гашуун егөөгөөр эмчилж чаддаг сэтгэлгээний энэ том шидтэний хамгийн шилдэг бүтээл монгол түмэнд хүрч байна. Дөтлөн үзэгдэх галт тэргэндээ амжиж сууна уу! Орчуулсан: П.Баттогтох Редактор: Б.Сувддулам Хавтасны зураг: Д.Пагмадулам Хавтасны дизайн: Монотайп график студи Эрхлэн гаргасан: ТАГТАА ПАБЛИШИНГ

Яруу найрагч Галзууд овгийн Батжаргалын Одгэрэлийн "Үл таних зочин" номын нэмж засварласан гурав дахь хэвлэл.

Гадаа хавар хэдий нь иржээ. Ариун, гэгээн, шинийг амлан ахин дахин хөрснөөсөө мэндлэх дэлхий гарагийн хэдэн ч тэрбум дахь хавар юм. Гэлээ гээд хуучирсангүй. Гэгэлзүүлж, нэргүй догдлуулж, шалтгаангүй яаруулж, хуучин гунигийг минь шинэ ая дангаар сэтгэлд хөгжимдөнө. Улирал улиралд өөрийг нь тодорхойлох нэг өнгө байдаг даа. Зун ногоон, намар алтан шаргал, өвөл цагаан. Харин хаварт оноож хэлэх өнгө үгүй. Хаврын өнгө гэмээнэ буй бүхний өөрийнх нь өнгө мэт. Гэхдээ хаварт ямар ч улиралд байдаггүй үнэр бий. Салхивчаар орж ирэх хаврын үнэр уулын горхиноос ус амссан мэт, нялх үрийнхээ даахийг үнэрлэсэн мэт дотор цэлмээнэ. Хаврын үнэр бол урины үнэр, нялхын үнэр. Ямартаа ч дэлхий гарагт нэгэн шинэ хавар ирлээ. Уртаас урт (магад хар дарсан) зүүднээс ашгүй сэрсний дараах тайвшрал шиг урьд урьдынхаасаа шинэ санагдаж байна, энэ хавар. Ичдэг хярдаг амьтад биеэ шилгээн суниагаад үүр ичээнээсээ гарч ирэхтэй зэрэгцэн бид ч бас олон сар жил хөл хорин суусан орон гэрээсээ толгой цухуйж, нийтээр цогцлоосон амьдралынхаа хуучин хэв байдал руу гэрэвшингүй хөл тавьж байна. Урд хөршид маань дэлхийн энх тайвны төлөөх уриан дор таван тивийн хүмүүс цуглан ур чадлаараа өрсөлдөж, ялалт ялагдлын амтыг яг тэгшхэн хувааж хүртээд тарсан нь сая. Гэтэл долоохон хоногийн дараа л бид олимпын энэ зорилгын яг эсрэг зүгт хөдөлгөсөн хойт хөршийнхөө хуягт танкуудын цувааг зурагтынхаа дэлгэцээр тоолоод сууж байна. Монгол нутгийн уртаас урт өвлийг уясаан ирж буй энэ хаврын анхил үнэр газрын хаана хэний үрийн цусны үнэртэй холилдон орчныг будаж, айдас, ялагдал, уй гутамшгийг түгээн буйг тоолохуйяа бэрх. Уйтай. Ертөнц гэдэг ийм л учир замбараагүй, хаос аж.Хүмүүс уран зохиолыг хэтэрхий бодит бус, абсурд гэдэг. Гэтэл үнэндээ жинхэнэ амьдрал, бодит ертөнц шиг абсурд, утга учир нь үл олдох хаос үгүй билээ. Уран зохиол бол бодит ертөнцийн энэ хаосыг текстээр эмхэлж цэгцлэх гэсэн оролдлогуудын л нэг юм. Ертөнцийн утга учиргүйг текстээр эмхлэн утга оноох гэсэн хүн төрөлхтөний хэдэн мянганы эл хүчин зүтгэлд Монголын авьяас билигт охид, хөвүүдийн оюун тархи нэгэн жигүүрээр хүч хавсарч яваасай гэж чин сэтгэлээсээ хүсэж итгэдгийн минь үр болж сэтгүүлийн минь бас нэгэн шинэ дугаар мэндэлж байна. Хөрсөө түрэн өндөлзөх шинэ хаврын нялх өдрүүдийн эхэнд бид хуудсаа түлхэн өмнө тань дэлгэгдэх шинэхэн сэтгүүлээ танд илгээлээ. Хавар бүхэнтэй хамт ирдэг шинэ итгэл, дахин сэргэлтийн тухай мөрөөсөл энэ дугаараас минь урины үнэр шиг сэнхийж, уншигчдын минь тархи оюуныг цэлмээгээсэй хэмээн хүснэ. Хаврын өнгө гэмээнэ буй бүхний өөрийнх нь өнгө буюу. Эрхлэгч: Батсуурийн БАЯСГАЛАН Ерөнхий редактор: Цагаанчулуугийн ДЭЛГЭРМАА Нийтлэлч редактор: Мөнхцолын БАТБАЯР Орчуулагч редактор: Базаррагчаагийн ДЭЛГЭРМАА Дизайнер: Зандангаравын МАНДАХ Дизайнер: Ангарагийн МӨНХДӨЛ Гэрэл зурагчин: Рэнчинхандын ЛУВСАННЯМ Эрхлэн гаргасан: ТАГТАА ПАБЛИШИНГ

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

2 ба түүнээс дээш бүтээгдэхүүнд хүргэлт ҮНЭГҮЙ. Бусад тохиолдолд хүргэлтийн төлбөр 5’000₮.