Хятадын хаа нэгтээ номын дэлгүүр таарвал та ороод орчин үеийн уран зохиолын эгнээг гүйлгээд нэг хараарай. Хавтсан дээрээ 余华 гэсэн ханз бүхий номууд нэлээд зайг эзлэн байх вий. Тэр хоёр ханз бол одоо таны унших гэж буй “Амьдрахуй” туужийн зохиолч Үй Хуагийн нэр юм шүү дээ. Хятадын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөл Үй Хуа 1960 оны дөрөвдүгээр сарын 3-нд Ханжөү хотод эмчийн гэр бүлд төржээ. 1977 онд дунд сургуулиа төгсөөд муждаа очиж таван жил шүдний эмчээр ажиллаад Бээжин хотод ЛүШюнь утга зохиолын сургуульд элсэв. 1983 оноос Ханжөү хотын соёлын ордонд ажилд орж, уран бүтээлийн замналаа эхлүүлснээр судлаач, шүүмжлэгчдийн анхаарлыг татаж эхэллээ. Үй Хуа одоогоор дөрвөн роман, зургаан өгүүллэгийн түүвэр, эсээний дөрвөн ном туурвиснаас “Амьдрахуй”, “Ахан дүүс”, “Зүс борооноор хадах дуун” романууд нь хамгийн алдартай. Бидний сонгон танд хүргэж буй “Амьдрахуй” туужаар 1994 онд нэрт найруулагч Жан Имоу кино бүтээж Каннын кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн бол 1998 онд Италийн утга зохиолын ГрицанеКавур шагналыг хүртсэн юм. Түүнийг барууны хэвлэлүүд “Үй Хуа бол орчин цагийн Хятадын Бальзак, ЧарльзДеккинс” хэмээн тодорхойлсон ч түүний бичлэгийн арга барилыг хэн нэгэн зохиолчтой шууд хамаатуулж боломгүй өөрийн гэсэн тод өнгө аястай зохиолч билээ. Хувь тавилан бидэнд аз жаргал, зовлон зүдгүүрийн аль алийг нь өгдөг. Тэр дундаас бид тулах цэгээ олж авах л хамгийн эрхэм гэсэн санааг Үй Хуа зохиол бүрдээ ямар нэг хэмжээгээр тусгадаг. Их мөрөнд хөл алдан үйж яваад унжгар удны нэгээхэн мөчрөөс атгаж аврагдах адил тийм л авралын мөчрийн эрэлд зохиолынх нь дүрүүд хатаж явдаг. Жаргалд ташуурах, зовлонд бүдрэхийн алинд ч зуураад үлдэх үнэт зүйлс хүний оршихуйд хэрэгтэй. Бид зовлонт амьдрал дундаас юу эрдэг вэ? гэсэн асуултаар уншигчаа алхам тутамд нь “шамдуулдаг” билээ. Тэрхүү этгээд ур маяг, өнгө аяс, дүр төрх тод туссан бүтээл нь “Амьдрахуй” тууж. Орчуулагч: Мөнхцолын Батбаяр Редактор: У.Бямбаням Хавтасны зураг: Л.Нямдорж Дизайн: Монотайп график студи Эрхлэн гаргасан: ТАГТАА ПАБЛИШИНГ