Зун дуусав,
Иймхэн богино.
Зуун жил ч
Ингээд л замхарна...” гэж найрагч бээр цаг хугацааны тухай шүлэглэсэнчлэн эдүгээ бид ахиад л нэг урины төгсгөлд дөтлөн иржээ. Эрч хурдаа аван довтолгох цаг хугацааны хүлэг морьд чухам ямархан мөр үлдээж буйг тэмдэглэн авч буй мэт сэтгэгдэл сэтгүүлийн шинэ дугаараа зэхэх бүр төрдөг билээ л. Эл дугаарынхаа хойморт бид эртэн цагийн сүнстэн мэт түүхийн тодхон агшнуудыг гэрчлэн хүүрнэгч эрхэм бичээчийг урин заллаа. Өвгөн бичээчийн ярианаас өлгөж хоцорсон санаа гэвээс дэлхийн дайдыг хүлгийн туураар тамгалсан өвөг дээдсийнхээ түүхийг өөрсдийнхөөрөө сэргээн бичиж, өнөөгийн дэлхийн сонорт үнэн зөвөөр хүргэх тухай байлаа. Тэр мэтээр нар гудайтал ярилцан суусны ард гэрээс нь гараад ирэхэд зуныүдшийн зөөлөн салхи сэвшиж, биднийг үдэн алгаа хавсран “зал барин” зогсох өвгөн зохиолчийн цээжинд хадгалаатай эрхэм санаа энэ бидний цагт биелж, үр хойчист үлдээсэй хэмээн эрхгүй сүслэн бодсон сон.
Эх орон, их түүх, эх хэл гурав салшгүй холбоотой. Саяхан манай оронд айлчилж, Монголын яруу найрагчидтай шүлэг зохиолоо солилцон орчуулж, соёл заншлаа танилцаад явсан Шведийн яруу найрагч Магнус Уйльям Оллсоны эх хэл болоод яруу найргийн талаар өргөн цар хүрээтэй ярилцлага утга зохиол сонирхон бичигч, мэргэшигчдэд сонин сайхан байх болуужин хэмээн найдна. Инагшлаад энэ жилийн Каннын кино наадмын улаан хивснээ эрхэм сайхан монгол нэрээ дуудуулан алхсан цэл залуу найруулагч бүсгүйг урин ярилцаж, эдүгээх нийгмийн асуудлыг кино хэлээр хэрхэн хөндөж буй тухайд яриа өрнүүллээ. Зохиолчид бие биенээ зорин очиж уулзаж, нэг нэгнийхээ нутаг заншилтай сэтгэл дэлгэн танилцаж, уран бүтээлээрээ бие биедээ улам ээнэгшин дотноссон үүх түүх арвинтай энэ дугаар маань бас нэгэн холын зочны ойрын айлчлалын сургийг бататгасан халуун баярт мэдээг уншигчдаа дуулгаж, уран зохиолд хайртай хэн бүхний магнайг тэнийлгэх болно. “Тагтаа рэвью” энэ намрын дугаарын зочин уран бүтээлчээрээ гэрэл зурагчин Ганзоригийн Цолмонг онцлов. Ерөөс гэрэл зураг ч бас цаг хугацааг тэмдэглэн авч буйн гэрч билээ.
Утга зохиол, урлаг соёл, боловсрол… гээд өргөн сэдвийг хамруулан цар даацтайхан бичвэрүүд багтаасан шинэхэн сэтгүүл маань эгээ л хамаг бүхэн боловсорч гүйцэн, баялаг үэзмжээ дэлгэх намрын улиралтай эн зохирч байнам. Мөдхөн бид их хотынхоо түмэн түчигнээн, буман бужигнааныг үүсгэлцэж, хүүхдээ зөөж, ажилдаа шамдаж, “амьдрал” хэмээх цаг хугацааны нэгэн шинэ улиралд хөл тавих болно. Тийнхүү урин цагийг үдэж, намар цагийг тосохуй дор уншигч Таныг сэтгүүлийнхээ шинэ дугаарт урьж байна. Таалан болгооно уу!
Дугаарын удирдагч Цагаанчулуугийн Дэлгэрмаа
Эрхлэгч: Батсуурийн БАЯСГАЛАН
Дугаар удирдсан: Цагаанчулуугийн ДЭЛГЭРМАА
Нийтлэлч, редактор: Мөнхцолын БАТБАЯР
Орчуулагч, редактор: Базаррагчаагийн ДЭЛГЭРМАА
Дизайнер: Цэнгэлийн ЭРХБАЯР
Дизайнер: Болдмаагийн МАРАЛ-ЭРДЭНЭ
Концепт дизайнер: Ангарагийн МӨНХДӨЛ
Зочин уран бүтээлч: Ганзоригийн ЦОЛМОН /MOrris/
Эрхлэн гаргагч : ТАГТАА ПАБЛИШИНГ ХХК
Хэвлэгдсэн он 2023
ISBN 9789919989385